АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Monday, August 29, 2011

Алт баяжуулах CIP/CIL үйлдвэрийн төслийн тооцоог METSIM програмаар гүйцэтгэх нь

METSIM программын тусламжтайгаар алтны үндсэн ордын хүдрийг Бутлалт/Нунтаглалт/CIP/CIL стандарт технологиор баяжуулах төслийн технологийн схемийг хэрхэн загварчилсан тухай өгүүлье.
Алтны үндсэн ордыг ихэвчлэн бутлалт нунтаглалтын сонгодог болон ХӨН-ын технологийг хэрэглэн буталж , нунтагласны дараа (ихэвчлэн -200 меш нь 65-85% байдаг) агааржуулах чан ашиглан гидрометаллургийн аргаао боловсруулдаг. Алтыг цианид натриар гол дуу уусган , ууссан алтаа нүүрсэнд шингээн авдаг юм.
Дор хоногт 400 тн , 5 г/тн алт агуулсан хүдрийг 2 шаттай бутлалт, 2 шаттай нунтаглалтын стандарт схемээр бэлтгэх схемийг сонгож, тооцсоныг харуулав(Зураг 01). 
2 шаттай схемын хувьд савхат тээрэм задгай циклд ажилладаг ба харьцангүй том бүхэллэгтэй материал хүлээн авдаг учраас 5-р бүтээгдэхүүний бүхэллэг 15-20 мм байж болно. Шаардлагатай бүхэллэгийн хэмжээг нунтаглалтын кинетикээр  лаборатортын  нөхцөлд тодорхойлно.
Туршилтаар тодорхойлогдсон бүхэллэгийг хангахын тулд гидроциклоны халианы хатуулгыг зөв сонгох ёстой ба жишээ тооцоонд дээр Т=26% гэж авав (Нарийвчилсан тооцоог Плиттийн онолоор гүйцэтгэнэ.).
Гидроциклоны халиаг агааржуулах чанд өгөхийн өмнө заавал өтгөрүүлэх ёстой, учир нь агааржуулах чануудын эзэлхүүнийг хөрөнгө оруулалт хэмнэх үүднээс аль болох бага авах шаардлагатай. Практикт алтны хүдрийг түүний эрдэсзүй, мөхлөгийн хэмжээнээс хамааруулан дунджаар 16-48 цаг уусгадаг ба уусгах хугацааг уусгалтын кинетикийн тэгшитгэлээс тодорхойлно. Агааржуулах чаны тэжээлийн(өтгөрүүлэгчийн доод бүтээгдэхүүн) хатуугийн агуулга 35-50% хүртэл байдаг.
Өтгөрүүлсний дараа пульп уусгалтын ба шингээлтийн хэд хэдэн чан дамжин боловсруулагдана. Тухайн тохиолдолд бид уусгалтын 2 чан, шингээлтийн 6 чан сонгож авсан.
Энэхүү схемийг зураг 02-т харуулав. Уусгалт, шингээлтийн чаны бүх параметр, тухайлбал хатуу, шингэн, нүүрсэн дэх алтны агуулгын хэмжээг хэрхэн тооцоолсныг харж болно.
Эцэст нь хамгийн сүүлчийн чаны материал нь хаягдал болох ба түүнийг хоргүйжүүлэх шаардлагатай. Зурагт 03-т чаны тусламжтайгаар химийн аргаар хоргүйжүүлэх (циангүйжүүлэх) схемийг харуулав.
Технологийн схемыг загварчлилж, тооцоог гүйцэтгэсний дараа үр дүнгээ METSIM программаас  MSExcel ийн форматаар экпортлоно (Зураг 04).
Манай жишээгээр:
Хоногт 400 т(цагт 16,67 т) хүчин чадалтай , 5 г/т алтны агуулгатай хүдрийг CIL/CIP технологиор баяжуулахад :
- Хоногт гаргах алтны хэмжээ - 1856,86 гр, жилд - 610 кг байна.
- Алт авалтын хэмжээ : 92,85 байгаа зураг 04-өөс амархан бодож болно.
Мөн тооцооны үр дүнгээсхарахад цагт 17 кг цэвэр болон дахин идэвхжүүлсэн нүүрсийг процесд буцааж өгөхөөр байна.
METSIM программаар агааржуулах чаны эзэлхүүн, цаашлаад CIL/CIP технологийн нийт ашиглалтын зардлыг тооцоолж, төслийн тооцооны ажлыг хөнгөвчлөх бүрэн боломжтой.



Зураг 01. Бутлалт , нунтаглалтын схем
Зураг 02. Уусгалтын схем

Зураг 03. Хоргүйжүүлэх хэсэг

Зураг 04. METSIM загварчлалын үр дүн
Ийнхүү хоногт 400 тн , 5 гр/тн алтны агуулгатай хүдрийг CIL/CIP стандарт технологиор баяжуулах технологийн схемийг загварчлан, материалын баланс, төслийн гол үзүүлэлтүүдийг METSIM программаар хэрхэн тооцож болохыг харууллаа.