АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Sunday, March 11, 2012

Зэс хайлуулах пирометаллургийн үйлдвэр байгальд тийм ч ээлтэй биш

Mining & Money сэтгүүлд өгсөн ярилцлага  
-МАК компани Цагаансуваргын ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж буй. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Анх 1960-аад оноос Монгол-Оросын геологчид Цагаансуваргын ордыг судалж эхэлсэн түүхтэй. Харин 2000 оноос хойш Монголын Алт (МАК) компани энэ ордод геологи-хайгуул, туршилт судалгааны ажлуудыг маш эрчимтэй явуулж ирсэн бөгөөд нарийвчилсан хайгуулын үр дүнд ордын баялаг, нөөцийн үнэлгээг олон улсын 43-101 , JORC стандартын дагуу гүйцэтгэж, ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах боломж бүрдсэн юм. Бид ордыг түшиглэн жилд 14.6 сая тонн зэс – молибдений  хүдрийг боловсруулах уулын баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа ба төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг Канадын Aker Solution, Австралийн Bateman Engineering, SNC Lavallin зэрэг олон улсад нэр хүндтэй инженерингийн компанитай хамтран гүйцэтгэж ,төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг үндсэнд нь хангасан.  Дашрамд дурдахад Монголын Алт (МАК) компани бол уул уурхайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах чадвартай үндэсний цөөхөн компаниудын нэг гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.
  
-Цагаансуваргын зэс-молибдений ордын хүдрийг баяжуулах техник-технологийн сонголтын талаар юу хэлэхсэн бол?
-Цагаансуваргын ордын хүдрийн технологийн судалгааны асуудал мөн л дээр үеэс эхлэлтэй. Тухайн үеийн ГУУҮ-ийн Яамны сайдын шийдвэрээр 1983 онд хагас үйлдвэрийн туршилтыг доктор М.Дамдинсүрэнгийн удирдлагаар Эрдэнэт үйлдвэрийн шинжилгээний баазад монгол инженерүүдийн баг гүйцэтгэсэн байдаг. Харин хагас үйлдвэрийн туршилт явуулсан технологийн тухайд гэвэл тэр үед Эрдэнэт үйлдвэрт хэрэглэж байсан халуун уураар чанаж зэс-молибдений  хам баяжмалыг салгах технологийг жишиг болгон хэрэглэсэн бөгөөд одоо ийм технологийг хэрэглэхээ больсон. Эрдэнэт үйлдвэр ч энэ технологийг халаад удаж буй.  Ийм учраас бид Цагаансуваргын зэс-порфирын ордын хүдрийн баяжицын судалгааны иж бүрэн хөтөлбөрийг Канадын SGS Lakefield хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж, уг хөтөлбөрийн дагуу ордыг төлөөлөх дөрвөн тонн гаруй дээжид эрдэс зүйн, хүдрийн бутрац, нунтаграц, флотацийн, усгүйжүүлэлтийн лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилтуудыг гүйцэтгэлээ. Эдгээр туршилт судалгааны ажлын үр дүнд баяжуулах үйлдвэрийн технологийн схем, горим болон төслийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, орчин үеийн бутлалт, нунтаглалт, флотацийн тоног төхөөрөмжийг сонгосон. Тухайлбал бид техник-эдийн засгийн харьцуулсан судалгаа хийсний үр дүнд бутлалт-нунтаглалтын SABC, флотацийн C-S төрлийн схемүүдийг сонгож, нэгж бүтээл өндөртэй, зардал багатай хагас өөрөө нунтаглалтын болон бөөрөнцөгт тээрэм, дэлхийд хамгийн томд орох 300 м3–ийн багтаамжтай флотацийн машин сонгосноос гадна байгаль орчинд ээлтэй өтгөрүүлсэн хаягдлын аж ахуйн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх гэж   байна. Ер нь энэ салбарийн шинжлэх ухаан–технологийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг төсөлд тусгасан гэж хэлж болно.

-Монгол Улс ойрын үед их хэмжээний зэсийн баяжмал үйлдвэрлэх болох нь ээ.  Гэвч үйлдвэрээ хаана барих тухайд эцсийн шийд гараагүй ?
-Тийм ээ, Оюутолгой, Цагаансуваргын орд ашиглалтад орсны дараа Монгол Улс их хэмжээний зэс агуулсан баяжмал үйлдвэрлэх боломж бүрдэх бөгөөд энэ утгаараа томоохон зэс үйлдвэрлэгч орны тоонд орох нь зайлшгүй. Монгол Улсын Засгийн газар зэс хайлуулах үйлдвэр байгуулна гээд дэлхий нийтэд  зарласан. Мэдээж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай хийгээд манай улсын хөгжлийн хэтийн гол зорилго байх ёстой. Гэхдээ яг ийм төрлийн томоохон үйлдвэрийг барьж байгуулах техник-технологийн, санхүү-эдийн засгийн, худалдааны, байгаль орчин, дэд бүтцийн нөхцөл бүрдсэн байх болов уу гэж бодож байна. Нөгөө талаас Монгол Улсыг хөгжүүлэх хэтийн төлөвтэй ч уялдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, манай улс уул уурхай бүтээгдэхүүнийг боловсруулахдаа эрчим хүч, өртөг зардал ихтэй, байгаль орчинд нөлөөлөхүйц хүнд үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх үү.  Эсвэл оюуны багтаамж өндөртэй бага оврын үйлдвэрүүдийг ихээр хөгжүүлэх үү? гэдгээ ч бодолцох ёстой. Жишээ нь нэг кг зэсээр  тонн зэсийн үнэ хүрэхүйц эцсийн бүтээгдэхүүн (нано, микро зэс бүтээгдэхүүн, чипүүд гэх мэт)  үйлдвэрлэх  боломж бий шүү дээ. Монгол Улс 1992 онд зэс хөтөлбөр боловсруулсан боловч  хэрэгжээгүй. Эрдэнэтийн исэлдсэн хүдрийн овоолгыг  боловсруулж жилдээ 3000 гаруй тонн катодын зэс үйлдвэрлэх жижиг үйлдвэр ашиглалтад орж өдгөө хүртэл ажиллаж байгаа.  Энэ хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэтийн зэсийн баяжмалыг боловсруулах асуудал яригдаж байсан юм. Тэр үед зэс хайлуулах үйлдвэр баригдаагүй гол асуудал нь нөгөө л дэд бүтэц ,хүхрийн хүчлийн асуудал шүү дээ. Зэсийн баяжмалыг пирометаллургийн аргаар хайлуулахад их хэмжээний хүхрийн исэл ялгардаг бөгөөд түүнийг хүхрийн хүчил болгох шаардлагатай. Өндөр хүчин чадалтай хайлуулах үйлдвэр барьсан тохиолдолд  их хэмжээний хүхрийн хүчлийг хэрхэх вэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ. Энэ утгаараа зэс хайлуулах пирометаллургийн үйлдвэр байгаль орчны хувьд тийм ч ээлтэй биш гэсэн үг. Нөгөө талаас пирометаллургийн үйлдвэр нь өртөг зардал өндөртэй учраас жижиг хүчин чадалтай үйлдвэр барихад эдийн засгийн хувьд ашиг муутай гэж ярьдаг. Хамгийн гол нь зэс хайлуулах үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийн асуудал гэж би ойлгож байгаа. Хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх, худалдаалахад ярвигтай гэдгийн хэн хүнгүй мэднэ шүү дээ. Монгол Улс зэс хайлуулах пирометаллургийн үйлдвэр байгуулахаар шийдсэн тохиолдолд байршлыг нь маш зөв сонгох хэрэгтэй. Миний хувийн бодлоор Орхон, Сэлэнгэ мөрний сав газар,хангайн бүсэд орших Эрдэнэт хотын ойролцоо ийм үйлдвэрийг барих нь байгаль экологийн хувьд тохиромжгүй.  Энэ талаар манай мэргэжлийн хүмүүс зөв  шийдвэр гаргах байх. Нөгөө талаас пирометаллургийн хүчин чадал багатай, олон жижиг үйлдвэр байгуулах талаар ярьдаг хүмүүстэй санал нийлдэггүй.

-Тэгвэл их хэмжээний хүхрийн хүчлийг  хэрэглэх, ашиглах боломж бий юу?
-Их хэмжээний хүхрийн хүчлийг Монгол Улсад хэрэглэх нэг сонгодог жишээг аваад  үзье л дээ. Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоридын ордыг олборлож, баяжуулаад фосфоритын баяжмал үйлдвэрлэнэ. Түүнийгээ зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгаа газарт төмөр замаар тээвэрлэнэ. Зэс хайлуулах үйлдвэрийн хажууд хүхрийн хүчлийн болон фосфорын хүчлийн үйлдвэр байгуулна. Дараа нь  фосфорын бордооны үйлдвэр байгуулж суперфосфат, эсвэл фосфорийн хос аммони (DAP) гарган эскпортох юм. Энэ схем зарчмын хувьд боломжтой ч  нилээд том цогцолборын тухай асуудал яригдаж байгааг уншигч түмэн ойлгож байгаа биз. Ийм төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц бэлэн байх ёстой. Эс тэгвэл алт хөтөлбөр шиг болно шүү дээ.  Тус  хөтөлбөрөөр Монгол Улс алт олборлолтоо нэмэгдүүлсэн ч байгаль орчин маш их хохирсныг одоо ам булаалдан ярьж, бичиж байна. Бараг айл болгон тээрэмтэй болж, мөнгөн ус, цианидыг технологийн дагуу бус, хараа хяналтгүй хэрэглэж байсан нь хөтөлбөрийн муу тал гэх юм уу даа. Уул уурхайд техник-технологи нэвтрүүлэх, томоохон хөтөлбөр боловсруулахдаа бид дахин ийм алдаа гаргаж болохгүй.

-Байгаль орчинд хор багатай цэвэр зэс гаргах өөр технологи байдаг уу?
-Миний дээр хэлсэн пирометаллургийн технологиос гадна  гидрометаллургийн аргаар цэвэр зэс гаргах технологи байна. Ер нь зэсийн баяжмалыг гидрометаллургийн аргаар боловсруулах бараг 20 гаруй технологи байдаг ба эдгээрийг ХХI зууны зэс боловсруулах гол технологи болно гэж эрдэмтэд тодорхойлсон. Харамсалтай нь  уг  технологиор барьсан үйлдвэр одоогоор байхгүй. Зөвхөн лабораторийн түвшинд боловсруулагдсан, ганц нэг нь үзүүлэх үйлдвэрийн хэмжээнд л байгаа байх. Эдгээр процессуудыг дотор нь сульфатын, сульфат хлорын ба хлорын гэж үндсэн гурав, атмосферийн, нам болон өндөр даралтын(автоклавын) гэж  тус тус  ангилдаг.   Бид Цагаансуваргын хагас үйлдвэрийн туршилтын хүрээнд гаргаж авсан зэсийн баяжмалыг ийм төрлийн CESL, PLATSOL технологиор боловсруулах туршилт судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн. Эрдэнэт үйлдвэр ч ийм чиглэлийн туршилт судалгааны ажлын туршлага бий. Гидрометаллургийн процессын давуу талууд гэвэл:
-               Байгаль орчинд хортой SO2 хийг гипс, элементийн хүхэр хэлбэрээр гаргах боломжтой
-               Бага агуулгатай (бүр хам баяжмал шиг) баяжмалыг боловсруулах тохиромжтойгоос гадна пирометаллургийг баяжмал дахь бодвол хортой хольцийн агуулгад тавих шаардлага бага
-               Хайлуулах/цэвэршүүлэх үйлдвэртэй харьцуулахад бага хүчин чадалтай үйлдвэр барих боломжтой юм.
Монгол улсад зэсийн баяжмалыг боловсруулах гидрометаллургийн овор хэмжээ багатай үйлдвэрийг барьж байгуулах нь эдийн засаг, байгаль орчны хувьд харин ч ашигтай хувилбар байж мэднэ. Гэхдээ энд технологийн эрсдлийг бодолцох нь мэдээж.
Өөрөөр хэлбэл, техник-эдийн засгийн хувьд пирометаллургийн технологитой сайтар харьцуулах, энэ талын судалгааны ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй.

-Молибдений  баямалыг боловсруулах талаар?
Дэлхийн молибдений  үйлдвэрлэлийн бараг талаас илүү хувь нь зэс-порфирийн ордыг ашиглахад дайвар бүтээгдэхүүн байдлаар гардаг юм.  Молибден нь маш өндөр температурыг даах чадвартай ховорхон металлын нэг бөгөөд орчин үед халуунд тэсвэртэй тусгай төрлийн ган үйлдвэрлэхэд хэрэглэгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн молибдений  баяжмалыг түшиглэн молибдений  баяжмал шатаах үйлдвэр баригдсан ч одоо ажиллахгүй зогссон. Яагаад зогссоныг нь сайн мэдэхгүй.   Ямартаа ч Хятадын техник, технологитой үйлдвэр. Ер нь молибдений  баяжмалыг боловсруулж, их олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Молибдений баяжмалыг шатааж молибдений  техникийн гуравч исэл үйлдвэрлэж экспортлох нь бас л эцсийн бүтээгдэхүүн хийж байгаагийн нэг хэлбэр.  Өндөр чанартай молибдений баяжмалыг нунтаглан хатуу, шахмал төрлийн тосолгооны материал үйлдвэрлэдэг. Энэ нь жижиг бизнест илүү тохиромжтой. Молибдений  техникийн ислийг дахин  боловсруулж, цэвэр молибдений  гуравч исэл, молибдений  пудр, брикет, хайлуулж ферримолибден зэргийг үйлдвэрлэдэг. 

-   Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх нь энэ хавраас.  Одоогийн байдлаар  анзаарагдаж буй бэрхшээл юу байна?  
-   Тавантолгой  гэх мэтийн  гээд томоохон уул уурхайн төслүүд ашиглалтад орох гэж байна. Иймд нэгдүгээрт  эдгээр үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах дэд бүтцийн асуудал. Миний ойлгож байгаагаар дэд бүтэц, ялангуяа эрчим хүч, замын асуудал нь дээрх төслийн хэрэгжилт, цаг хугацааны хувьд хоцорсон нь Төр, засгийн цэгцтэй бодлого дутагдсанаас  болсон.  Жишээ нь гадныхантай томоохон төслийн талаар гэрээ , хэлцэл хийхийн өмнө , ядахдаа тэдгээр төслүүдийн эрчим хүчний хангамжийн бодлого тодорхой байх ёстой.
Тунгалаг тамир кинон дээр Цахиур Төмөр Хатанбаатарт: Явган хүмүүстэй хэлэлцээр хийхэд чих нь арай зөөлөн, дуулгавартай байх болов уу гэж...   хэлдэг шиг билээ. Үүнтэй адил Монголын засаг төр томоохон уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах асуудлыг өөрийн хүчээр шийдчихээд, “унтраалга” дээр нь суучихаад гадныхантай гэрээ хэлэлцээр хийвэл ёстой тэдний чих  зөөлөн, дуулгавартай байх болов уу.
 Хоёрдугаарт  дээр миний хэлдэг технологи, байгаль орчны асуудал туйлын чухал. Монголд уул уурхайг дагаад гаднаас янз бүрийн техник, технологи орж ирэх магадлалтай.
Тухайн ордыг ашиглах нь технологийн хувьд, эдийн засгийн хувьд боломжтой, ашигтай юу. Төсөлд хөрөнгө оруулах шаррдлага байна уу  үгүй юу гэдгийг төслийн техник-эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ хэлж өгдөг. ТЭЗҮ-ийг  тухайн компани, байгууллагын захиалгаар өндөр мэргэжлийн, хөндлөнгийн инженерингийн байгууллага зохих стандартын дагуу хийж гүйцэтгэдэг бөгөөд энэ нь тухайн төслийн эзэмшигчдэд төслийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах баримт бичиг юм. Манайд жижиг, том бүхий уул уурхайн төслүүдийн ТЭЗҮ-ийг  боловсруулж,  яамны хэмжээнд тодорхой шалгуур, журмын дагуу баталдаг зарчимтай.  Энэ нь маш сайн. Гэтэл ийм  “зарчимтай” шалгуур байгаа хирнээ яагаад байгаль орчинд хортой, хоцрогдсон технологи орж ирээд (би дээр алтны тээрэм, мөнгө усаар баяжуулах технологийг хэлсэн) байгаль орчныг бохирдуулаад  байгаа “зарчимгүй” асуудлыг гайхахаас өөр арга үгүй. Юм зарчимтай байх ёстой. Монгол хүн эх орноо хөгжүүлэхээс гадна, бас хайрлах  учиртай.   
 Гуравдугаарт  боловсон хүчний асуудал их чухал. Дээрх томоохон зэсийн төслүүдийн хүрээнд гадаадын тэргүүний техник-технологи орж ирэх байх. Ирэх ч болно. Эндээс үүдээд манай салбарын мэргэжилтнүүдийн боловсрол, мэдлэгийн түвшин, чадамжид их анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Тэдгээрийг бэлдэж буй багш нарын мэдлэг мэргэжил, тухайн  сургуулийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох нь маш чухал.
Жишээлбэл, манай баяжуулалтын мэргэжлээр  хэд хэдэн их дээд сургуулиудад их хэмжээний бакалавр инженерүүдийг бэлдэж байгаа нь үнэн. Гэтэл яг баяжуулалт, металлургийн мэргэжилтнийг бэлтгэх сургалтын стандарт байхгүй, байсан ч сургууль бүр  өөр байх жишээтэй. Энэ талаар мэргэжлийн яамууд ч (БСШУЯ, ЭБЭХЯ) зохих түвшинд анхаарахгүй байх шиг санагддаг. Адаглаад сурах бичиг, мэргэжлийн ном, сурвал зохих ёстой зүйлүүдийг нь дээрх яамууд нь яаж ийгээд батлаад өгчихдөг, шинжлэх ухаан технологийн хөгжлийн хирээр тэрийгээ дахин шинэчилж байдаг баймаар.
Эндээс үүдээд Монгол Улсад уул уурхай, металлургийн мэргэжилтнийг бакалавр,магистрын түвшинд бэлдэх нэгдсэн стандарт байх нь зүйтэй. Жишээ нь ОХУ-д тухайн салбарын сайд нь баталсан стандартын дагуу сургалт явагддаг.
Нөгөө талаас техникийн их, дээд сургуулиудыг оюутны төлбөрөөр санхүүжиж , зөвхөн сургалтын үйл ажиллагаа  явуулдаг байгууллагаас,  сургалт-судалгааны байгууллага болгон өөрчлөх тал руу анхаарах нь зүйтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээний бааз суурьтай болж, мэдлэгийг буй болгох, мэдлэгийг худалдах, үйлдвэрлэлд нэвтрүүлж өөрийгөө санхүүжүүлэх чиглэл рүү хандах  явдал. 
Нэгэнт бэлдээд гаргачихсан бакалавр- инженерүүдийг давтан сургах, postgradute болон магистрын  сургалттай сургуулийг МАК мэтийн томоохон компаниудын дэргэд байгуулж , өндөр мэргэжлийн ,хөрвөх чадвартай цөөн тооны  мэргэжилтэн бэлтгэж болох юм гэж хувьдаа бодож байна.
 Танд ажлын амжилт хүсье.