АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Thursday, January 5, 2012

ХАГАС ӨӨРӨӨ НУНТАГЛАЛТЫН ТООЦООГ МОНТЕ-КАРЛОГИЙН ЗАГВАРЧЛАЛААР ГҮЙЦЭТГЭХ НЬ

          Хагас өөрөө нунтаглалтын цикл нь орчин үеийн баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэх гол технологи бөгөөд ХӨН-ын тээрмийн бүтээл, технологийн үзүүлэлтүүд хүдрийн физик-механикийн шинж чанар, тухайлбал хатуулгаас (Бондын индекс) ихээхэн хамаардаг. Ийм учраас төслийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, технологи сонгохын өмнө туршилт судалгааны ажлуудыг стандартын дагуу гүйцэтгэж, физик-механикийн шинж чанаруудын статистик үзүүлэлтийг өгөгдсөн үнэмшлийн (магадлалын) түвшинд тодорхойлсон байх шаардлагатай. Ийнхүү хүдрийн хатуулгын өөрчлөлт нь баяжуулах үйлдвэрийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн сонголт, цаашлаад техник-эдийн засгийн үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлөх нь таашгүй. Өөрөөр хэлбэл хүдрийн физик-механикийн шинж чанарын байж болох өөрчлөлтийг харгалзан тоног төхөөрөмжийг сонгох нь төслийн эрсдлийг бууруулах талтай. Иймэрхүү төрлийн төслийн эрсдлийг тооцоход Монте Карлогийн загварчлалыг ихээр хэрэглэдэг.
Монте-Карлогийн загварчлалыг санамсаргүй тооны генератор бүхий функцтэй MS Excel мэтийн программуудыг хэрэглэж болох ба мөн тусгай зориулалтын программ ашиглан гүйцэтгэх нь илүү хялбар. Ийм төрлийн программууд олон байдаг бөгөөд уул уурхайн салбарт нилээд өргөн хэрэглэгддэг нь Oracle компанийн Crystal Ball программ юм.
Монте-Карлогийн загварчлал хийхийн тулд тухайн обьектийн параметрүүдийн статистик үзүүлэлтүүд, тухайлбал дундаж утга , хамгийн бага, хамгийн их утгууд , дундаж квадрат хазайлт, дисперси гэх мэт үзүүлэлтүүд, мөн эдгээр параметрүүдийн хоорондын хамаарал (шугаман корреляцийн коэффициент, корреляцийн матриц гэх мэт) , тархалтын хэлбэр (Нормаль, Лог-нормаль, Бета, Гамма, Вэйбул гэх мэт) зэргийг урьдчилан мэдсэн байх шаардлагатай юм.
Бид лабораторийн туршилтын үед тодорхойлогдсон Бондын индексийн (Wi, кВт ц/тонн) үр дүнг ашиглан ХӨН-ын тээрмийн хувийн цахилгаан зарцуулалт, цаашлаад тээрмийн шаардлагатай хөдөлгүүрийн хүчин чадлыг тодорхойлох боломжтой.
Туршилтаар зэс-молибдены хүдрийн дундаж хатуулаг  Wi=14.6 кВт ц/тонн гэж тогтоогдсон  ба үүний үндсэн дээр цагт 1812 тонн хүдэр боловсруулах ХӨН-ын тээрмийн тооцоог тусгай программын тусламжтайгаар гүйцэтгэж үр дүнг  доор зурагт харуулав.


      Уг тооцоогоор ХӨН-ын тээрмийн хувийн цахилгаан зарцуулалт 5.42 кВт цаг/тонн , шаардлагатай эрчим хүчний хэрэглээ (моторын чадал) 1812 т/цаг x 5.42 кВт ц/т=9821кВт гэж гарсан..
Эндээс харахад ХӨН-ын тээрмийн хөдөлгүүрийн чадлыг дор хаяж 10000 кВт байхаар сонгож болохоор байна.
Харин хүдрийн хатуулгын өөрчлөлтийг харгалзан ХӨН-ын тээрмийн хөдөлгүүрийн чадлыг илүү найдвартай , эрсдэл багатай сонгох боломжийг харуулья.
Лабораторийн туршилтаар Бондын индексийн дундаж утга 14.6 кВт/ ц,  дундаж квадрат хазайлт - 0.7 гэж тогтоогдсон бөгөөд тархалтын нормаль загварыг дараах зурагт үзүүлэв.

Монте-Карлогийн загварчлалын үр дүнг дараах зургаар харуулав.

    Уг загварчлалын үр дүнд ХӨН-ын тээрмийн хувийн цахилгаан зарцуулалт хүдрийн хатуулгаас хамаарч 4.69 - 6.38 кВт ц/т хооронд өөрчлөгдөх боломжтой нь харагдаж байгаа ба ямарч байсан ХӨН-ын тээрмийн хувийн цахилгаан зарцуулалт 5.77 кВт ц/т-оос хэтрэхгүйг 90%-ийн магадлалтайгаар хэлж болохыг загварчлалын үр дүн харуулж байна.
Эндээс үүдэн тээрмийн хөдөлгүүрийн сонголтийг 10000 кВт бус харин 1812 т/цаг x 5.77 кВт ц/т=10455кВт буюу 10500 кВт-ын хөдөлгүүртэй тээрэм сонгох нь илүү техникийн  эрсдэл багатай, нарийвчлал өндөртэй байх юм.