АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр сурч буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд зориулав.

Wednesday, April 27, 2011

Нүүрсийг гүн боловсруулах нь Монгол улсын ирээдүйн зорилго

Геолог, уул уурхайн мэдээ сонины сурвалжлагчид өгсөн ярилцлага.
 
-Таны бичсэн “Нүүрсийг баяжуулах дэлхийн чиг хандлага” нийтлэл манай сонины өмнөх дугаарт нийтлэгдэж байсан. Монголын нүүрс ямар онцлогтой вэ. Хэрхэн боловсруулбал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох бол?
-Манай улс нүүрсээр баян орон. Гэвч бид нүүрсийг бүрэн боловсруулж хараахан чадахгүй байна. Манайд нүүрсийг өнгөрсөн зууны эхэн үеэс олборлож эхэлсэн ч өнөөдрийг хүртэл гол төлөв цахилгаан , дулаан үйлдвэрлэх зорилгоор түлж, шатааж хэрэглэж ирсэн.

Дэлхий нийтэд авч үзвэл нүүрсийг боловсруулж шингэн түлш, метанол, диметилын эфир зэрэг төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн гарган авах технологи хөгжсөөр ирсэн бөгөөд бид энэ чиг хандлага руу ойртох ёстой гэж үзэж байна.

Ямар нүүрсийг хэрхэн боловсруулах вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй юм. Нүүрсийг хүрэн нүүрс, чулуун нүүрс гэж ангилдаг. Нөгөө талаас ашиглалтаар нь эрчим хүчний нүүрс, коксждог нүүрс гэх мэтчилэн ангилдаг. Өнөөдөр нүүрсийг угаах, баяжуулах тухай их ярьж байна л даа. Энэ бол зөвхөн механик боловсруулалт. Цаашид нүүрсийг гүн боловсруулалт хийж химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нүүрс-химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай улсын гол зорилго байх ёстой.

Энэ утгаараа хүрэн нүүрсийг тэр болгон баяжуулах шаардлага үгүй , гол төлөв цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглах ба цаашлаад  брикетлэн үр ашгийг нь дээшлүүлж болдог. Харин коксжих нүүрсний хувьд  механик боловсруулалт хийж (баяжуулж) цаашдын технологийн процессын шаардлагыг хангах нь зүйн хэрэг. Өнөөдөр нүүрсийг баяжуулах талаар манай улсын уул уурхайн компаниуд ярих болжээ. Манай Монголын Алт компани нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг гурван жилийн өмнө Монголд анх удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, одоо  Нарийнсухайтын нүүрсийг нойтон аргаар, хамгийн орчин үеийн техник-технологоор баяжуулахаар төлөвлөж байна. Нүүрсний баяжицыг туршилт судалгааны бааз  манай компанийн хувьд бүрдсэн гэж хэлж болно.

Нүүрсийг баяжуулах нь коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх гэх мэт технологийн процессын урьдчилсан нөхцөл болох ёстой. Тухайлбал коксжуу-лалтын үед гарах дайвар хийг боловсруулан төрөл бүхийн химийн бүтээгдэхүүн гаргадаг. Ер нь ирээдүйд   кокс-химийн үйлдвэр буй болсноор Монгол улсад химийн аж үйлдвэрийн салбар тавигдана гэж ойлгож болно.

-Нүүрсийг баяжуулахад зардал хэр шаардах бол?
-Баяжуулах зардал тийм их биш л дээ. Өнөөдөр дэлхийд 1 тонн нүүрсийг баяжуулахад  ойролцоогоор 0.5-1.5 доллар зарцуулж байгаа байх. Нүүрсний шинж чанараас хамааран нүүрсийг амархан баяжигддаг, эсвэл хэцүү баяжигддаг гэж ангилдаг. Нүүрс баяжуулалтын үед хамгийн өндөр зардалтай хэсэг нь нунтаг нүүрсийг баяжуулах, усгүйжүүлэх байдаг. Өнөөдөр гравитацийн аргын баяжуулалтын гүн, өөрөөр хэлбэл бүхэллэгийн доод хэмжээ -0.125 мм болсон учраас өндөр зардалтай флотацийн арга харьцангүй бага хэрэглэгдэх болсон бөгөөд энэ нь зардлыг бууруулахад гол нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас нүүрсний шламыг баяжуулах орчин үеийн хөөст сепарацийн болон баганат флотацийн үр ашигтай шинэ тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэлд нэвтэрсэн. 

АНУ-д бараг 1800-гаад оны сүүлчээр нүүрсийг баяжуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр нүүрс баяжуулалтын салбарт тэргүүлдэг АНУ, БНХАУ, Австрали, ӨАБНУ зэрэг улсуудад энэ төрлийн техник, технологи өндөр хөгжсөн.

-Манайд нүүрс боловсруулах сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүд орж ирж чадаж байна уу?
- Манай компанийн хувьд нүүрсийг хуурай аргаар баяжуулж байна гэж дээр хэлсэн. Ялангуяа ус ховортой бүс нутагт  нүүрсийг хуурай аргаар баяжуу-лах нь нэн тохиромжтой бөгөөд нойтон аргын үйлдвэртэй харьцуулахад хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал маш бага байдаг. Гэхдээ нүүрсийг хуурай аргаар баяжуулахын тулд туршилт судалгааны ажлыг урьдчилан гүйцэтгэсэн байх ёстой. Бид жилд 450 мянган тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах цогцолборыг Хятадын Шенжоу гэдэг энэ салбартаа тэргүүлэгч компаниас оруулж ирсэн. Харин Нарийнсухайтын нүүрсийг баяжуулахад бид дэлхийд алдартай Германы Хумбольд Ведаг фирмийн BATAC тоног төхөөрөмжийг хэрэглэхээр төлөвлөж байна.  Энэ компани 150 гаруй жилийн түүхтэй уул уурхайн тоног төхөөрөмж хийдэг компани гэдгийг манайхан мэдэх байх.  Ер нь уул уурхайн салбарт өндөр үр ашигтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглах нь манай компанийн гол зорилго.

-Нүүрсний хөгжлийн чиг хандлага Монгол руу эргэчихлээ хэмээн дэлхий нийт манай нүүрсний салбарыг сонирхох болж?
-Тийм хандлага байх шиг байна. Энэ нь Тавантолгой мэтийн томоохон ордыг ашиглахтай холбогдож байгаа байх. Нүүрсийг олборлож, боловсруу-лахад  үр ашиг өндөртэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг хэрэглэх нь гарцаагүй. Энэ тохиолдолд гадаадынхтай хамтрах асуудал ч байж л таарна. Гэхдээ бид зорилгоо маш тодорхой тавьж, бодлогоо боловсруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид нүүрсээр яг юу хийх гээд байна гэдгээ. Тийм учраас бид нүүрсээ зөв ангилж сурах хэрэгтэй, орд газрынхаа баялаг, нөөцийг зөв үнэлж чаддаг байх хэрэгтэй. Зөвхөн ингэж байж бид мөнгө босгож чадах байх.

-Таныг зэсийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай  гэж сонссон. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэсийн үйлдвэр барина, барихгүй гэж шийдвэр гаргах төвшинд ярих болсон. Манай улсын хувьд зэсийн үйлдвэр барих нөхцөл бүрдсэн болов уу?
 -Энэ их сонирхолтой асуулт . Би өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан. Манай Монголын Алт (МАК) компани Цагаансуврагын  зэс- молбидений ордын ашиглах төслийг хэрэгжүүлж байна. Энэ утгаараа би зэсээс нэг их холдоогүй. Монгол Улсын Засгийн газар зэс хайлуулах үйлдвэр байгуулна гээд зарлачихсан. Мэдээж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай хийгээд манай улсын гол хэтийн зорилго байх ёстой. Гэхдээ яг ийм төрлийн үйлдвэрийг барьж байгуулах техник-технологийн, санхүү-эдийн засгийн, худалдааны , байгаль орчны гээд эдгээр нөхцлүүд бүрдсэн үү? Үгүй юу? Өмнө нь зэс хөтөлбөрийн хүрээнд зэс хайлуулах үйлдвэрийн төсөл яагаад хэрэгжээгүй билээ гэдгийг ч маш сайн бодолцох хэрэгтэй.

Хамгийн гол нь зэс хайлуулах үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн болох хүхрийн хүчлийн асуудал гэж би ойл-гож байгаа.Хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх, худалдаалахад ярвигтай гэдгийн хэн хүнгүй мэднэ шүү дээ. Хүхрийн хүчлийг үр ашигтай хэрэглэх нэг схемийг аваад  үзье л дээ. Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоридын ордыг олборлож баяжуулаад фосфоритын баяжмал үйлдвэрлэнэ. Түүнийгээ зэс хайлуулах/цэвэршүүлэх үйлдвэр байгаа газарт төмөр замаар тээвэрлэнэ. Зэс хайлуулах үйлдвэрийн хажууд хүхрийн хүчлийн болон фосфорын хүчлийн үйлдвэр байгуулна. Дараа нь  фосфорын бордоо үйлдвэрлэнэ гээд ирэхлээр цомоохон цогцолборын асуудал яригдах юм. Үүнийг байгуулахад их хугацаа, хөрөнгө шаардлагатай, гол нь  хөрөнгийг хэрхэн босгох вэ? гэдэг асуудал.  Нөгөө талаас зэс хайлуулах үйлдвэрийн технологи, байршлыг маш зөв сонгох хэрэгтэй. Миний хувьд Орхон , Сэлэнгийн сав газар хангайн бүсэд орших Эрдэнэт хотын ойролцоо зэс хайлуулах үйлдвэр барих нь тохиромжгүй гэж үздэг. Энэ талаар манай мэргэжлийн хүмүүс зөв мэргэн шийдвэр гаргах байх.

3 comments:

  1. zes hailuulaltaar ouytnuudiig surgah bolomj odoo bga boluu

    ReplyDelete
  2. налайхын баяжигдах чанрын судалгаа байдаг юм болов уу

    ReplyDelete
  3. хими технологичMarch 11, 2012 at 11:30 PM

    Юуны өмнө энэ блогийг хөтөлж явуулж байгаа таньд баярлалаа. Би хими технологич мэргэжилтэй таны блогийг байнга уншдаг мэргэжлээрээ 8 жил ажиллаж байна. Таны бичсэн мэдээ мэдээлэл сургалт технологоос байнга шинийг сурч мэдэж байдаг шүү..Таны блог улам олон оюутан залууст мэдлэг мэдээлэл өгч байх болтугай

    ReplyDelete